Орц:
- 2 ш өндөг (өрөөний хэмд байсан)
- 100г масло (өрөөний хэмд байсан)
- 1 аяга элсэн чихэр
- 1 аяга шигшсэн гурил
- 1 цайны халбага ванилин
- 2 хоолны халбага сүү
- Тал аяга үзэм
- Тал аяга бүйлс
Крем: Бэлэн крем аваад хэт нялуун болохоор нь цөцгийтэй хольсон.
Чимэглэл:
- 5 ш үзэм (нүд хийхэд ашигласан)
- Бөөрөлзгөнийн компот (хамар хийсэн)
- Хэвлэсэн цаасан туулайн чих
Зуухаа 180 хэм дээр халаана. Маслоо элсэн чихэртэйгээ хамт миксерт хийж холино. Дараа нь өндгөө нэг нэгээр нь хийж дахин миксердэнэ. Ванилинаа нэмнэ. Гурилаа бага багаар шигшиж хийнэ. Сүүлд нь хоёр халбага сүүгээ хийгээд үзэм, бүйлсээ хийж сайтар хутгана. Элсэн чихэр нь нарийн ширхэгтэй байх ёстойг анхаараарай. Жижиг кексний хэвэндээ бэлэн цаасан хэвнүүд хийгээд 3/4 хүртэл нь зуурмагаа хийнэ. Нийт 10 ширхэг жижиг кекс гарсан. Халсан зуухандаа хийгээд гадна тал нь шаргал болтол 25-30 минут шарна. Болсон эсэхийг нь шалгая гэвэл шүдний чигчлүүрээр хатгаад гурил наалдахгүй цэвэрхэн гарч ирвэл болсон байна гэсэн үг.
Кекснүүдээ гаргаад 5 минут хэвтэй нь байлгаад хэвнээс нь гаргаж бүрэн хөргөнө. Хөрсөн кекснүүдээ зурган дээрх шиг чимэхэд туулайнууд бэлэн болно доо. Миний төсөөлснөөс царай муутай болчихсон. Гэхдээ сэтгэлээ гаргаж хийсэн болохоор хайртад маань таалагдсан байх гэж найдаж байна:) Хийгээд байвал сайжрах байх. Анх удаа хийсэн болохоор туршлага дутлаа хэхэ. Ийм кекснүүд идэхэд цэвэрхэн бас хүссэнээрээ чимэглэх боломжтой байдаг учраас сүүлийн үед хүмүүс их хийдэг болсон гэсэн. За тэгээд хайртаа хүмүүстээ хөөрхөн сюрприз барья гэвэл яагаад туршаад үзэж болохгүй гэж?
Англи хэлний мэдлэгт тань:
- Жижиг кекс- cupcake
- Цөцгий- sour cream
- Кексний хэв- cupcake tin
- Туулайн чих- bunny ears
- Шүдний чигчлүүр- toothpick