Friday 31 May 2013

Том Ёнг Гунг нэртэй Тайланд шөл


Энэ Тайланд шөл гоё үнэрнээсээ, харагдах байдлаасаа эхлээд ямар ч хүнд идэх хүсэл шууд төрүүлдэг хоол. Тайланд хоолонд орсон хүн болгон энэ исгэлүүн бас халуун ногоотой шөлийг иддэг байх аа. Хийх материал нь зарим нэг нь Монголд олоход хэцүү байсан ч өөр юмаар орлуулаад хийчихлээ.

Орц:

  • Загас (дөрвөлжин хэрчинэ)
  • Сам хорхой 6 ш
  • Нимбэг 3 зүсэм
  • Сармис 2 хумс (нухсан)
  • Сонгино (жижиг дөрвөлжин хэрчсэн)
  • Улаан чинжүүний нухаш 1 хоолны халбага (Солонгос улаан чинжүүний нухаш ашигласан)
  • Коконатны крем эсвэл сүү 1 лааз
  • Цоохор майлз (2 см орчим зузаантай хэрчсэн)
  • Улаан лооль (жижиг дөрвөлжин хэрчсэн)
  • Цагаан гаа 1 цайны халбага (нунтгийг ашигласан)
  • Броколли 
  • Бууцай
  • Тахианы бульон (дөрвөлжин шөлний амт оруулагч ашигласан)
  • Давс, перец

Коконатны крем, бууцай, сам хорхой, броколлиноос бусдыг нь усанд хийж 10 орчим минут чанана. Энэ хооронд шөлөнд амт орж, чинжүүний нухаш шөлийг улаан өнгөтэй болгосон байна. Ногоонууд нь болонгуут дээр нь коконатны крем, сам хорхой, бууцай, броколлигоо хийж 2-3 минут үргэлжлүүлэн чанана. Коконатны крем нь шөлний улаан өнгийн улбар шар болгодог. Нимбэг хийдгийн учир нь шөлний алдарт исгэлүүн амтыг гаргах зорилготой. Таваглахдаа дээр нь хэрчсэн яншуйгаар чимж болно. Будаатай хольж иднэ үү дангаар нь иднэ үү хүн хүний өөрийн дур сонирхол юм даа. Дараагийн удаа каррины жор оруулнаа.

Англи хэлний үгийн санд:
  1. Улаан чинжүүний нухаш- red chilli paste
  2. Броколли- broccoli
  3. Цоохор майлз- celery
  4. Цагаан гаа- ginger
  5. Коконатны крем- coconut cream

Thursday 30 May 2013

Алимны торт


2013 оны 5-р сарын 29-нд болсон амьдралынхаа чухал тэмдэглэлт өдрөөр энэ алимны тортыг хийсэн юм. Хийхэд амархан мөртлөө амт нь яг л миний хүсдэг хэт нялуун биш жор.

Орц:
  • Алим (би ногоон алим ашигласан) 4-5 ш
  • Нимбэг 1 ш
  • Гурил 2 стакан
  • Сахар 2 стакан (нялуун болгоё гэвэл нэмж болно)
  • Өндөг 8ш
  • Ваниль 2 цайны халбага
  • Сахарны пудр      
  • Масло (хэвээ тослоход ашиглана)       
Алимнуудаа хальслаад үрийг нь голтой нь авч цэвэрлээд босоогоор нь 4 хуваана. Дараа нь хуваасан хэсгүүдээ нимгэн хэрчэнэ.  Нимбэгний шүүсийг нэг аяганд шахаад дээрээс нь алимаа хийж шүүсээр нь сайн бүрж өгнө. Энэ нь алимыг борлохоос сэргийлэх зорилготой.
Өндөгнүүдээ миксертээ хийгээд 1 минут дунд зэргийн хурдтай дээр хутгана. Тэгээд дээрээс нь сахраа, ванильтайгаа аажмаар хийж үргэлжлүүлэн 5 орчим минут холино. Хамгийн гол нь сахар нь өндгөндөө сайн уусч, зуурмаг нь хөөсөрсөн байх ёстой. Зуурмаг сайн холигдонгуут том саванд хийж байгаад модон халбагаар гурилаа зөөлхөн шигшиж хийнгээ хутгана.  Энэ хооронд зуухаа 180С дээр халаана. Зуухаа бүрэн халангуут тосолсон хэвэндээ зуурмагныхаа талыг хийгээд дээр нь алимнуудаа зүсэм зүсмээр нь өрнө. Бүх алимнуудаа өрж дуусаад дээрээс нь үлдсэн зуурмагаа нэмнэ. Эцэст нь халуун зуухандаа хийгээд 35-40 минут гадна тал нь шаргал өнгөтэй болтол хөөлгөж шарна. Энэ хооронд зуухныхаа хаалгыг онгойлгож болохгүй, учир нь гэнэтийн хүйтэн агаар хөөсөн зуурмагийг шалчийлгах аюултай. Тортоо болонгуут гаргаад бүрэн хөргөж байгаад хэвээ салгаж авна. Таваглахдаа дээр нь сахарын пудр асгаж чимэглэнэ. За амжилт хүсье.

Англи үгийн санд:
  1. Алим- apple
  2. Нимбэг- lemon
  3. Ваниль- vanilla
  4. Масло- butter
  5. Сахарны пудр- powder sugar

Friday 24 May 2013

Гиоза буюу Япон шарсан банш, ягаан манжингийн саладтай

Энэ баншийг заавал зориулалтын гурилаар нь хийхээр гоё болдог юм шиг санагддаг. Тэгээд зорьж байж солонгос дэлгүүрээс баншны бэлэн гурил авч байгаад хийлээ. Ягаан манжингийн саладыг хүний биед сайн долоо хоногт заавал нэг удаа ямар нэгэн хэлбэрээр идэх ёстой байдаг гэж сонссон болохоор бас хийчихлээ. За одоо гиоза яаж хийхийг надтай хамт сурцгаая.

Орц:

Банш

  • Гахайн мах
  • Тахианы цээжний мах
  • Ногоон сонгино
  • Цуу 1 цайны халбага
  • Давс, перец
  • Цагаан гаа 
  • Сармис 1 хумс
  • Сонгино 1ш
  • Яншуй
  • Баншны хөлдөөсөн бэлэн гурил
Ягаан манжингийн салад
  • Ягаан манжин 2ш
  • Дарсан өргөст хэмх 4ш
  • Сармис 2 жижиг хумс
  • Давс, перец
Баншаа хийхийн тулд эхлээд махаа бэлдэнэ. Гахайн мах, тахианы махаа адил хэмжээгээр, ногоон сонгино, 1 цайны халбага цуу, цагаан гаа, яншуй, сонгино, сармис, давс, перецээ бүгдийг нь миксерт хийж байгаад машиндана. Ингээд л мах нь бэлэн, амархан байгаа биз? Хөлдүү гурилаа шарах шүүгээнд хийж гэсгээсэн байна. Тэгээд нэг нэг ширхгээр дээрээс нь салгаж авч байгаад махаа дунд нь хийн, гурилныхаа ирмэгийг усаар норгож байгаад чимхэнэ. Гиозаг урт гонзгой чимхдэг. Хайруулын тавгаа дунд зэргийн гал дээр тавьж бага зэргийн тос хийн халаана. Тос нь халангуут баншнуудаа тавган дээр байгаа шиг шахаж өрнө. Ингээд 4 орчим минут шарж, баншныхаа доод талыг шаргал болгоно. Дараа нь хайруулын тавган дээрээ баншныхаа ёроолыг давтал нь ус нэмээд таглана. Таглаатай чигээр нь ус нь ширгэтэл дунд зэргийн гал дээрээ болгоно. Хөлдөөгөөгүй шинэхэн чимхсэн банш бол 10 орчим минут болно. Харин баншаа чимхээд хөлдөөчихсөн бол шарах шүүгээнд гэсгээх хэрэгтэй, тэгээд дараа нь шарна. Ингэхдээ 15 минут орчим болгохыг зөвлөе. Гахай, тахианы махыг хэзээ ч түүхий идэж болдоггүй. Үхрийн махыг бол шүүрхий идэж болдог. 

Хоол гал дээр болж байх хооронд хальстай нь чанаж болгосон ягаан манжингынхаа хальсыг цэвэрлэнэ. Одоо миксер лүүгээ ягаан манжин, дарсан өргөст хэмх, сармисаа хийгээд үрсэн юм шиг нарийхан хэрчинэ. Таваглахдаа давс, перецээр амтлаад боллоо. Хүмүүс майонезээр хутгах дуртай байдаг ч эрүүл салад хийе гэж бодоод тос ч хийсэнгүй.

Англи хэлний үгийн мэдлэгт тань:
  1. Тахианы цээжний мах- chicken breast
  2. Ногоон сонгино- green onion
  3. Цуу- soy sauce
  4. Цагаан гаа- ginger
  5. Баншны гурил- dumpling wrapper
  6. Яншуй- parsley



Monday 20 May 2013

Монголчилсон кимбаб

Орой хөнгөн төрлийн хоол хүнс хэрэглэж биеийн жингээ барих гэж байгаа хүмүүст зориулав.

Орц:                                                                   
  • Өргөст хэмх (cucumber)                                           
  • Будаа
  • Далайн байцаа (seaweed)
  • Жижиг лууван (carrot)
  • Тал сонгино
  • Кимчи
  • Туна (tuna)
  • Давс, перец
Эхлээд лууван сонгиноо зөөлөн гал дээр жаахан тосонд шарж болгоно. Давс перецээр амтлаад таглаатай шарвал хурдан  хурдан болдог. Энэ хооронд сушины хулсанд дэвсгэр дээр 1 хуудас далайн байцаа дэвсээд дээр нь агшаасан будаагаа нэгэн жигд тараана. Ингэхдээ далайн байцаагаа жаахан илүү гаргах хэрэгтэй. Тэгвэл далайн байцаа эргүүлэхэд нөгөө талтайгаа сайн наалдана. Тараасан будааныхоо гол хэсэгт урт нарийн хэрчсэн өргөст хэмх, кимчи, туна, хуурсан луувангаа дэвсэнэ. Одоо далайн байцааныхаа илүү гарсан ирмэг дээр усаар норгож байгаад хулсаа зөөлөн эргүүлснийхээ дараа сайн дарж нягт болгож шахна. Сайн нягтаршуулж чанга болгож наалдуулахгүй бол зүсэхэд тал тал тийшээгээ бутраад байдаг. Ингээд бэлэн болсон кимбабаа зүсээд идэх үлдлээ.



Sunday 19 May 2013

Омлет

Өнөө өглөө ойрд хийгээгүй омлетоо хийж идье гэж бодоод хийлээ. Эрч хүч өгөх орц ихтэй өглөөний хоол хааяа нэг эрт боссон үедээ хийж идэхэд гоё байдаг шүү.

Орц:
  • 3 өндөг
  • Үрсэн бяслаг
  • Улаан лооль жижиг дөрвөлжин хэрчсэн
  • Бууцай
  • Давс, перец

3 өндгөө  том аяганд хийнэ. Дээр нь давс перецээ хийж сайн хутгана. Хайруулын тавгаа дунд зэргийн гал дээр жаахан тостой тавиад хутгасан өндгөө хийж шарна. Өндөг шарагдаж байх хооронд дээр нь улаан лооль, бууцай, үрсэн бяслагаа хийгээд, өндөгнийхөө доод талыг шаргал болонгуут нэг тал руу нь эргүүлээд амттай өглөөний хоол бэлэн болно доо. Цөцгийтэй 2 зүсэм талхтай идсэн чинь бүр янзын байна лээ. Шинэ долоо хоногоо сайхан өнгөрүүлээрэй.


Англи үгийн санд:
  1. Бууцай- spinach
  2. Үрсэн бяслаг- grated cheese
  3. Дунд зэргийн гал- medium heat

Monday 13 May 2013

Улаан манжингийн шөл

Ойрын үед эрүүл хоол хүнсний давалгаанд орчихлоо. Хоол хийх болгондоо яаж хамгийн эрүүл маягаар хийх вэ гэж боддог болчихсон байна. Оройн хоол идэхгүй, өглөө болж өгвөл шарсан хуурсан юм идэхгүй байхаар шийдсэн. Төрөл бүрийн ногоогоор зутан шөл хийж идэхэд хүний биед муу юм байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгээд энэ удаа улаан манжингийн шөл хийлээ.

Орц:
  • Улаан манжин 1ш
  • Төмс дунд зэрэг 2ш
  • Сонгино 1ш
  • Сармис 1 хумс
  • Давс
  • Перец

Ногоонуудаа жижиг дөрвөлжин хэрчээд 2 хоолны аяга орчим усанд зөөлөн гал дээр 30 минут болгоно. Тэгээд амтлагчаа хийгээд, миксерт хийж зутан шөл болгоно. Төмс хийсний учир нь гэвэл улаан манжин дангаараа байвал хэт шингэн мөртлөө хурц болох учраас төмс хийж шөлөө зутан маягийн зөөлөн амттай болгосон.  Таваглахдаа халбага цөцгийн тос нэмээд л гүйцээ.

Улаан манжин- Beetroot
Сармис- Garlic
Төмс- Potato