Thursday 25 April 2013

Сүүтэй овьёос



Өглөө болгон өндөр шарж идэх муу болохоор хааяа нэг өөр төрлийн юм хийж идэж байх нь зөв юм байна гэж шийдлээ. Долоо хоногт ядаж нэг удаа сүүтэй овьёос буцалгаж идэхэд лав буруудахгүй байх. Овьёос хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг, тэжээл ихтэй хүнс.

ОРЦ:
  • Сүү
  • Овьёос
  • 2 зүсэм талх
  • Варень
Ёроол нь түлэгддэггүй саванд - аяга орчим сүү хийгээд дээр нь нэг аяга орчим овьёос хийж буцалгана. Овьёос болохоороо зөөлөрдөг учраас  8 орчим минут буцалгаад амсаж үзэхэд болсон байвал таваглана. Дан сүүтэй овьёос идээд цадахгүй гэж бодоод вареньтай 2 зүсэм талх бэлдчихлээ.

Англи үгний санд:
  1. Овьёос- Oat
  2. Варень- Jam
  3. Сүү- Milk

Wednesday 24 April 2013

Багсарч хуурсан өндөг

Өндгийг маш олон төрлөөр бэлтгэж өглөөний цайндаа хэрэглэж болдог. Өнөө өглөө багсарч хуурсан өндөг хийж идмээр санагдаад хийлээ. Бас ногоо түлхүү хэрэглэж байхыг хичээж хажууд нь жижиг улаан лоольнууд таллаж хэрчээд, шарсан талхтай тавагласан чинь дажгүй л харагдаж байна.

ОРЦ:
  • 4 өндөг
  • 1 хоолны халбага масло
  • Чимх давс, перец
  • Улаан лооль
  • Балсамик цуу
  • Шарсан талх 2 зүсэм
  • Оливын тос  
4 өндгөө томхон аяга эсвэл саванд хийж байгаад чимх давс, перецээ хийж сайтар хутгана. Хайруулын таваг эсвэл түлэгддэггүй шанаганд жаахан оливын тос хийж дунд зэргийн гал дээр хутгасан өндгөө хийгээд дээр нь масло нэмнэ. Дараа нь масло хайлтал нь модон халбагаар сайтар хутгаж өндгөө сэвсгэр өтгөн болгоно. Хамгийн гол нь түлж болохгүй, гал заавал дунд зэрэг байх ёстой. Энэ хооронд талхаа шарагчинд шараад, таваглахдаа таллаж хэрчсэн улаан лоольнууд дээр багахан балсамик цуу дусаагаад амттай, эрүүл өглөөний хоол бэлэн боллоо! Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. 
 
Өнөөдрийн англи үгнүүд:
 
  1. Шарсан талх- Toast
  2. Жижиг улаан лоольнууд- Cherry tomatoes
  3. Балсамик цуу- Balsamic vinegar
  4. Багсарч хуурсан өндөг- scrambled egg
  5. Масло- butter
 
 

Tuesday 23 April 2013

Өглөөний гриллдсэн талхтай сендвич

Миний хувьд заавал өглөөний цайгаа сайн ууж байж гэрээсээ гардаг зуршилтай. Өглөө болгон шарсан өндөг идэх муу гэж бодогдоод сүүлийн үед аль болох эрүүл өглөөний хоол идэж байхаар шийдсэн юм. Өнөө өглөө гриллдсан талхтай сендвич, чанасан өндөгтэй бэлдсэн маань дажгүй болсон шүү.



Орц:
  • 2 зүсэм талх
  • 2 зүсэм бяслаг
  • Нимгэн хэрчсэн улаан лооль
  • Песто
  • Усанд хальсыг нь авч чанасан өндөг
Талхан дээрээ песто соусаа түрхээд, дээр нь бяслаг, улаан лоольнуудаа өрнө. Тэгээд нөгөө зүсэм талхаа дээр нь тавьж байгаад тосгүй хайруулын тавган дээр тавьж хуурай шарна. Талхныхаа нэг талыг шарагдангуут нөгөө талаар нь шарна. Ингэхдээ сендвичэн дээрээ таваг тавиад дээр нь хүнд юм тавьбал бяслаг хайлж, талхнууд нь хоорондоо сайн наалдах ёстой. Таваглахдаа хажууд нь усанд хальсаг авч чанасан өндгөө тавиад л бэлэн болно доо.

Англи үгсийн санд:
  1. Талх- bread
  2. Бяслаг- cheese
  3. Песто- pesto (яншуй, самар, оливын тосыг блендердэж хийсэн нэг төрлийн соус)
  4. Усанд хальсгүйгээр чанасан өндөг- poached egg

Sunday 21 April 2013

Хулууны зутан шөл

Хамгийн эрүүл хоолнуудын нэг гэвэл энэ хулууны зутан шөл яах аргагүй мөн. Хийхэд ч амархан энэ хоол солонгос хүүхнүүдийн арьсны нууц гэсэн шүү. Үргэлж мах идэхгүйгээр хааяа нэг дан ногооны зутан шөл хийж идэх сонирхолтой гоё байдаг.

ОРЦ:

  • 1 жижгэвтэр хулуу
  • 1 жижиг сонгино
  • 1 хумс сармис
  • Давс 
  • Перец
  • Ус
Хулуугаа таллаж байгаад хальсыг нь цэвэрлэнэ. Тэгээд голынх нь яснуудыг авч хаяна. Дараа нь том том дөрвөлжин хэрчээд бусад орцтойгоо нийлүүлэн чанана. Хулуу нь болонгуут шөлөө блендерт хийгээд зутан болгоно. Хүмүүс дээр нь крем, цөцгий нэмж идэх дуртай байдаг, гэхдээ надад дан ногоо чигээр нь эрүүл хүнс маягаар хэрэглэх нь дээр санагддаг.



Англи үгийн санд:
  1. Хулуу- pumpkin
  2. Ус- water
  3. Эрүүл- healthy
  4. Блендер- blender
  5. Сармис- garlic

Saturday 20 April 2013

Плов


Миний хамгийн дуртай хоолнуудын нэг бол плов. Гэхдээ энэ хоолыг хийхэд цаг их шаарддаг учраас амралтын өдрүүдэд хийхэд тохиромжтой байдаг. Өнөөдөр өглөө эрт сэрсэн учраас плов хийж идэхээр боллоо. Энэ хоолыг зөөлөн гал дээр удаан болгодог учраас зузаан ёроолтой сав таглаатай сав хэрэгтэй.

ОРЦ:

  • Үхрийн мах 4см орчим том дөрвөлжин хэрчсэн
  • Үхрийн махны шөл (үхрийн ястай мах чанасан шөл)
  • 1 бүтэн 1 тал сонгино (жижиг дөрвөлжин хэрчсэн)
  • Сармис 5 хумс
  • Лууван (нарийхан үрсэн эсвэл жижиг дөрвөлжин хэрчсэн)
  • Будаа (угааж бэлдэнэ)
  • Тос (оливын байвал бүр сайн)
Амтлагч:
  • 1 цайны халбага давс
  • Чимх паприка
  • Чимх хар перец
  • 4 лаврын навч
Эхлээд тосоо халааж байгаад сонгиноо хийж 3-4 минут хуурна. Дээр нь мах, амтлагчнуудаа хийгээд үргэлжлүүлж 5 орчим минут хуурна. Дараа нь луувангаа хийж хутгаад, үхрийн шөлөө махнаасаа 1 хуруу давж байхаар хийж саваа таглаж, 1 цаг орчим зөөлөн гал дээр болгоно. Цаг зөөлөн гал дээр болгоод угаасан будаагаа хийж, энд тэнд нь сармиснуудаа бүтнээр нь хийж өгнө.    Ингэхдээ болж өгвөл модон хутгуурныхаа бариулаар хэд хэдэн нүх гаргаж өгвөл будаа жигд агшина. Зөөлөн гал дээр 10-15 минут болгоход будаа агшсан байна. За ингээд гэр бүлээрээ амтархан идэх хоол бэлэн боллоо. Амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Англи хэлний үгийн санд:
  1. Үхрийн мах- beef
  2. Будаа- rice
  3. Лууван- carrot
  4. Плов- pilaf
  5. Тос- oil

Гэрийн тараг

Заримдаа дэлгүүрээс авсан тарагнууд хэт их чихэртэй эсвэл хэтэрхий шингэн эсвэл исгэлэн гээд сэтгэлд хүрдэггүй юм. Тийм учраас өөрөө гэртээ тараг хийж үзэхээр шийдлээ. Дажгүй болдог юм байна. Харамсалтай нь дэлгүүрт зардаг сүүнүүд хуурай сүүгээр хийдэг болохоор миний хүссэн шиг өтгөн болж чадсангүй. Ямар ч байсан хэд хоног янз бүрийн жимстэй хольж байгаад уудаг хэргээ. Орой хоол идэхгүй гэвэл иймэрхүү маягаар тараг уугаад байвал хоолны дуршил дорхноо дарагддаг. Тэгээд ч хэт орой хоол идэх муу гэдэг шүү дээ.

 Орц:

  •  1 литр сүү
  • 1 цайны халбага элсэн чихэр (бактерийг тэжээх зорилготой)
  • Чимх давс
  • 3/4 аяга тараг


Сүүгээ халаана (гэхдээ буцалгах дөхөөд ирэнгүүт авна). Тэгээд хуруугаа дүрж үзэхэд боломжийн халуун ойролцоогоор 40С болтол нь сүүгээ хөргөнө. Тэгээд чимх давс, элсэн чихэр, таргаа хийгээд хутгана. Таглаатай саванд таргаа хийж таглаад дулаан газар байлгана. Миний хувьд духовкандаа хийгээд бараг 8 цаг болсон. Өглөө нь хийж тавиад л орой гэхэд гэрийн гоё амттай тараг бэлэн болсон байна даа.


Өнөөдрийн англи үгнүүд:
  1. Тараг- yoghurt
  2. Сүү- milk
  3. Аяга- cup
  4. Чимх- pinch


Thursday 18 April 2013

Орос маягийн банш

Өдрийн мэнд,

Би хоол хийх үнэхээр дуртай. Тийм болохоор энэ хоолны тухай блогоо хоол хийх дуртай хэн бүхэнд зориулж байна. Дээрээс нь мэдлэгээ хуваалцах зорилгоор миний блогноос хүмүүс хоолны санаа авангаа англи хэлээ сайжруулаасай гэж бодоод жор болгон дээрээ хэдэн англи үгнүүд оруулж байхаар боллоо. Гэхдээ дандаа хоол хүнстэй холбогдолтой үгнүүд байна. Яваандаа уншигчид маань өөрөө англи хэл дээр жороо хайгаад хийчихдэг болоосой гэж хүссэн юмаа. За ингээд анхны жор маань орос маягийн банш.


Аав маань нэг удаа гахайн махаар хийсэн жинхэнэ орос банш хийж өгсөн нь ердөө санаанаас гардаггүй юм. Саяхан нөгөө баншаа санаад жорыг нь интернэтээр хайсаар байгаад олоод хийсэн чинь дажгүй болдог юм байна. Бас баншаа өөрсдөө хүссэнээрээ амталж болно.

ЖОР

Мах:

  • 300г машиндсан гахайн мах (залхуурахгүй бол гараараа татсан ч болно)
  • 1 ш машиндсан сонгино (эсвэл жижигхэн дөрвөлжин хэрчсэн)
  • 1 хумс сармис (нухсан эсвэл жижигхэн хэрчсэн)
  • Давс ба перец
Гурил:
  • 500г гурил
  • 1 өндөг
  • Тал цайны халбага давс
  • 1 аяга бүлээн ус 
Хачир:
  • Цөцгийн тос эсвэл оливын тос


Махныхаа орцыг бүгдийг нь хольж хутгаад бэлдэнэ.

Гурилныхаа голд нүх гаргаад өндөгөө хийж хутгаад, дээр нь давсаа хийж уусгасан бүлээн усаа нэмээд зуурна. Гурилаа 30 орчим минут амраана.

Гурилаа амраасныхаа дараа баншаа хийнэ. Ингэхдээ гурилаа нэг нэгээр нь жижигхэн хувааж хэрчээд нэг бүрчлэн элдэж чимхэх эсвэл нэгмөсөн томоор нь элдэж байгаад стаканаар дээр нь дарж авсан гуриландаа махаа хийж чимхэж болно. Аль амархныг нь өөрөө сонгоорой. Баншаа буцалж байгаа усанд хийж чанана. Банш дээшээгээ хөвөөд ирвэл болсон байна гэсэн үг. Хөлдөөсөн бол харин болохдоо арай удаан байна. Таваглахдаа хажууд нь цөцгийн тосоо тавих эсвэл дээр нь оливын тос асгаж өгнө.

Орос маягийн банш

Шинэ үгс:


  1. Банш- dumpling
  2. Гахайн мах- pork
  3. Сонгино- оnion
  4. Сармис- garlic
  5. Давс- salt
  6. Хар перец-  black pepper