Tuesday 3 September 2013

Туулайн дүрстэй жижиг кекс

Хайртынхаа төрсөн өдрөөр гэртээ байж чадахгүй болохоор түрүүлээд сюрприз барья гээд хийсэн жижиг кекснүүд. Хийхэд маш энгийн, гэхдээ жаахан уран сэтгэмж бас хөдөлмөр шаардана. Эхлээд туулайн хэлбэртэй хийхийн тулд туулайн чихний хэлбэрийг нетээс татаж аваад хэвлэнэ. Дараа нь хайчилж байгаад ард нь шүдний чигчлүүр дундуур нь хуваагаад скочоор нааж бэлдэнэ.

Орц:

  • 2 ш өндөг (өрөөний хэмд байсан)
  • 100г масло (өрөөний хэмд байсан)
  • 1 аяга элсэн чихэр
  • 1 аяга шигшсэн гурил
  • 1 цайны халбага ванилин
  • 2 хоолны халбага сүү
  • Тал аяга үзэм
  • Тал аяга бүйлс 

 Крем: Бэлэн крем аваад хэт нялуун болохоор нь цөцгийтэй хольсон.

Чимэглэл:

  • 5 ш үзэм (нүд хийхэд ашигласан)
  • Бөөрөлзгөнийн компот (хамар хийсэн)
  • Хэвлэсэн цаасан туулайн чих
Зуухаа 180 хэм дээр халаана. Маслоо элсэн чихэртэйгээ хамт миксерт хийж холино. Дараа нь өндгөө нэг нэгээр нь хийж дахин миксердэнэ. Ванилинаа нэмнэ. Гурилаа бага багаар шигшиж хийнэ. Сүүлд нь хоёр халбага сүүгээ хийгээд үзэм, бүйлсээ хийж сайтар хутгана. Элсэн чихэр нь нарийн ширхэгтэй байх ёстойг анхаараарай. Жижиг кексний хэвэндээ бэлэн цаасан хэвнүүд хийгээд 3/4 хүртэл нь зуурмагаа хийнэ. Нийт 10 ширхэг жижиг кекс гарсан. Халсан зуухандаа хийгээд гадна тал нь шаргал болтол 25-30 минут шарна. Болсон эсэхийг нь шалгая гэвэл шүдний чигчлүүрээр хатгаад гурил наалдахгүй цэвэрхэн гарч ирвэл болсон байна гэсэн үг. 


Кекснүүдээ гаргаад 5 минут хэвтэй нь  байлгаад хэвнээс нь гаргаж бүрэн хөргөнө. Хөрсөн кекснүүдээ зурган дээрх шиг чимэхэд туулайнууд бэлэн болно доо. Миний төсөөлснөөс царай муутай болчихсон. Гэхдээ сэтгэлээ гаргаж хийсэн болохоор хайртад маань таалагдсан байх гэж найдаж байна:) Хийгээд байвал сайжрах байх. Анх удаа хийсэн болохоор туршлага дутлаа хэхэ. Ийм кекснүүд идэхэд цэвэрхэн бас хүссэнээрээ чимэглэх боломжтой байдаг учраас сүүлийн үед хүмүүс их хийдэг болсон гэсэн. За тэгээд хайртаа хүмүүстээ хөөрхөн сюрприз барья гэвэл яагаад туршаад үзэж болохгүй гэж?

Англи хэлний мэдлэгт тань:

  1. Жижиг кекс- cupcake
  2. Цөцгий- sour cream
  3. Кексний хэв- cupcake tin
  4. Туулайн чих- bunny ears
  5. Шүдний чигчлүүр- toothpick

Sunday 1 September 2013

Шарсан хонины гуя


Taste of UB арга хэмжээнд очиж үзсэн чинь хонины махыг ингэж шарж идмээр санагдаад хийлээ. Бямба гаригийн орой нь махаа хөлдөөгчнөөс нь гаргаад, хөргөгчиндөө хийж гэсгээж хонуулна. Маргааш өглөө нь амталж байгаа шарахад янзын боллоо. Нийт 2 цаг 30 минут шарах шаардлагатай. Удаан шарах тусам мах нь зөөлөн болно. Махаа сайн гэсгээсэн байх тусмаа хурдан бөгөөд жигд болно.


Орц:

  • Хонины гуя
  • Давс, перец
  • Стейкны амтлагч 4 хоолны халбага
  • Ганга өвч
  • Сонгино том 1ш (тал саран хэлбэртэй хэрчсэн)
  • Сармис 3 хумс
  • Төмс 4ш (том дөрвөлжин хэрчсэн)
  • Лууван 2ш (бүдүүн хэрчсэн) 
  • Жижиг улаан лооль 6ш
  • Оливын тос

Улаан лоолиос бусад бүх ногоонуудаа амтлагч, давс перецтэй, оливын тостойгоо холино. Миний хувьд нэг удаагийн бээлий өмсөж байгаад хольчихвол гар заваарахгүй амар байдаг юм. Махаа мөн л адил гадна талыг нь амтлагч, давс, перец, оливын тосоо сайтар түрхэж тараана. Зуухаа 150 хэм дээр тавиад, халангуут нь мах, ногоогоо хийгээд 2 цаг шарна. Хэт халуун дээр шарвал доторх нь шүүрхий, гаднах нь түлэнхий борц шиг болчихно. Сүүлийн 30 минутанд улаан лоольнуудаа хийж хутгаад шарна. Таваглахдаа шинэ ногооны салат эсвэл будаатай хийвэл бүр ч гоё. За тэгээд Ням гаригт гэр бүлээрээ шарсан махаа идэх шиг сайхан мэдрэмж ховор байдаг даа. Амжилт хүсье:)

Англи хэлний үгийн санд:

  1. Ганга- Thyme
  2. Стейкний амтлагч-Steak Seasoning
  3. Том дөрвөлжин хэрчсэн- Cut into big chunks
  4. Шарсан хонины мах- Roast lamb (хурганы мах)
  5. Гэр бүл- Family
  6. Хөргөгч- Fridge
  7. Хөлдөөгч- Freezer