Saturday 29 June 2013

Бананатай шейк


Бананатай шейкний амтанд ороод удаж байна. Заавал гаднаас авч ууж байхаар хааяа гэртээ хийгээд уувал зүгээр байх гэж бодоод хийлээ. Гадуур ихэнхдээ чихэрлэг амттай болгох гээд сироп хийдэг гэсэн. Гэхдээ энэ шейкинд сүү, банана байхад л хангалттай.

Орц:
Сүү (1 аяга)
Банана 1ш

Ер нь банана аваад заримыг нь жимс чигээр нь идэхээр хадгалаад, заримынх нь хальсыг нь арилгаад хэрчээд уутанд хийгээд хөлдөөчихвөл зүгээр юм билээ.  Хөлдөөсөн бананаа сүүтэйгээ блендэрдээд бананатай шейк бэлэн! Сүү уухаар над шиг дотор нь пэлбэгнээд байдаг хүн бол тал аяга сүүн дээр тал аяга цэвэр ус шейкиндээ хийж болно.

Бас хааяа зайрмаг идмээр санагдсан үедээ хөлдүү бананаа блендердээд идвэл яг л зайрмаг гэсэн үг. Таргална гэж санаа зоволтгүй, дээрээс нь амттан идэх хүслээ дарчихна;)

Англи хэлний үгийн санд:

  • Сүү- milk
  • Блендер- blender
  • Шейк- shake
  • Хөлдөөсөн банана- frozen banana
  • Зайрмаг- ice cream
  • Амттан-sweets


Thursday 27 June 2013

Кимчитэй будаа

Заримдаа махан хоол идмээргүй санагдсан үедээ хийж иддэг хоолнуудын маань нэг. Солонгосчууд кимчиг өдөр болгон идэхийг бодоход хүний биед лав муу биш байх. За ингээд кимчитэй будаатай хуургаа хийж сурцгаая.

Орц:

  • Кимчи (1 уут)
  • Будаа (2 аяга)
  • Гүнжидийн тос (1.5 хоолны халбага)
  • Өндөг 1ш
  • Давс, перец (чимх)
  • Оливын тос (1 цайны халбага)
Уг нь агшаагаад хөргөсөн будаагаар хийвэл бүр сайн гэсэн. Энэ удаа хоолноос үлдсэн будаагаар биш дөнгөж агшаагаад ил гаргаад хөргөсөн будаагаар хийлээ. 

Оливын тосоо хайруулын тавганд хийгээд халаана. Тос халангуут кимчигээ хийгээд хуурна. Дээр нь давс, перец, гүнжидийн тосоо хийж амтална. Гүнжидийн тосоо ихдүүлвэл муухай амттай болдог учраас анхаараарай. Ерөнхийдөө кимчи бүгдээрээ халаад ирэнгүүт хөрсөн будаагаа хийгээд хуурна. Кимчигээ будаатайгаа сайн хольж хуураад таваглана. Хамгийн сүүлд нь дээр нь дутуу шарсан өндөг тавиад идэхэд янзын гоё.

Гүнжидийн тос- sesame oil
Агшаасан будаа- steamed rice
Хуурах- to fry
Чимх-pinch



Monday 24 June 2013

Тарагтай овьёос

Овьёосыг сүүнд буцалгаж идснээс хамаагүй амттай бас хурдан арга олсон шүү. Хамгийн гол нь турах гэж байгаа хүмүүст маш сайн гэсэн. Хайрцагтай сириалнууд ихэнх нь шарсан бас сахар, давс нэмсэн байдаг учраас эрүүл өглөөний хоол гэхэд хэцүү.

Овьёос нь тослог, калори багатай мөн ширхлэг ихтэй. Цусан дахь сахрыг бууруулж, диабитын эрсдлийг бууруулдаг. Бас зүрх, хорт хавдрын эсрэг сайн бөгөөд дархлаа сайжруулдаг олон давуу талуудтай юм байна. Өглөө болгон идэхэд гэмгүй юм шиг байгаа биз? хэхэ

Орц:
  • Овьёос
  • Тараг (чихэргүйг хийсэн)
  • Элсэн чихэрний оронд зөгийн бал

Аяганд овьёсоо хийгээд дээр нь тараг, зөгийн балаа хийгээд сайн хутгаж байгаад иднэ. Зарим хүмүүс урд орой нь ингэж бэлдчихээд унтвал өглөө овьёос нь зөөлрөөд гоё гэдэг юм билээ. Гэхдээ миний хувьд зажилууртай байсан нь дээр юм шиг санагддаг.

Энэ өглөөний цайг өөр янз бүрээр идэж болно. Жишээ нь нэрсний варьентэй, гадил, тоор, гүзээлзгэнэ, чавга гэх мэт төрөл бүрийн жимстэй гээд дуртай зүйлээ хийж идэх боломжтой.

Англи хэлний үгийн баялагт:
  1. сириал- cereal
  2. овьёос- oats
  3. чихэргүй тараг- plain yoghurt
  4. зөгийн бал- honey

Wednesday 12 June 2013

Тунатай салад

Хамгийн амархан саладнуудын нэг. Эрүүл бүхнийг нийлүүлсэн салад гэхэд болно.
Орц:

  • Туна (тал лааз)
  • Майонез
  • Нимбэгний шүүс
  • Өндөг 2 ш (7 минут чанасан)
  • Өргөст хэмх
  • Улаан лооль (дөрвөлжин хэрчсэн)
  • Редиск (нимгэн нарийн хэрчсэн)
  • Бяслаг
  • Балзамик цуу
  • Давс, перец
  • Алмонд самар (бүйлс)
Өргөст хэмхээ хэрчээд, улаан лооль, редиск, бүйлсээ тавганд хийгээд дээр нь давс, перец, балзамик цуугаа гоожуулна. Энэ хооронд өндгөө яг 7 минут чанаад хүйтэн усанд сойно. Тунагаа майонез, нимбэгний шүүс, давс, перецээр амталж сайтар хольно. Саладныхаа ногоон дээр тунагаа тавиад, дээр нь хэрчсэн өндөгнүүдээ тавина. Хамгийн сүүлд нь бяслаг дээр нь үрээд л амттай, эрүүл салад бэлэн боллоо.

Англи хэлний үгийн санд:

  1. Редиск- radish
  2. Балзамик цуу- balsamic vinegar
  3. Лаазтай туна- canned tuna
  4. Бяслаг үрэх- to grate the cheese

Wednesday 5 June 2013

Гриллдсэн загас, ногоо

 Амралтын өдрөөрөө гриллдсэн ногоо, загас хийж идсэн чинь рестораны хоол шиг л гоё байна гэсэн үнэлгээ авсан. Хийхэд амархан бас эрүүл гээд бодхоор байнга хийж идмээр санагдсан шүү. Зарим хүмүүс загас нь хаана байна гэж шүүмжилсэн, загасыг нь арай багадуулсан юм шиг байна лээ эсвэл таваг нь томдсон байх хэхэ.

Орц:

  • Далайн цагаан загас
  • Перец
  • Нунтаг сармис 1 цайны халбага
  • Оливын тос
Загасаа гэсгээж байгаад перец, нунтаг сармисаа хоёр талаас нь цацаад, оливын тосоор хоёр талаас сайн тосолно. Далайн загас угаасаа давстай гэж худалдагч нь хэлсэн болохоор давс хийгээгүй. Тэр хооронд шарах зуухаа 200С хэмд халаана. 






  •  Улаан, шар перец 1, 1ш
  • Цагаан цэцэгт байцаа 1ш
  • Халгай 1 атга
  • Төмс 2ш
  • Лууван 1ш
  • Сонгино 1ш
  • Сармис 3 хумс (нухсан)
  • Оливын тос
  • Давс, перец
  • Ганга өвс
Төмсөө дөрвөлжин хэрчээд давстай усанд 8 минут орчим чанана. Энэ хооронд бусад ногоонуудаа дөрвөлжин хэрчээд төмсөө болонгуут нь гаргаад хамтад нь листэн дээрээ холино. Ингэхдээ бүх амтлагчнуудаа хамт хийж, тостойгоо сайн хутгана. Ногоонууд бүгд амтлагч, тосоор бүрхэгдсэн байх ёстой.

Ингээд хоёр тусдаа листээ нэг зэрэг шарах зуухандаа хийнэ. Миний хувьд загасаа дээд талд нь хийсэн. Ойролцоогоор 15-20 минут шараад өнгө нь шаргалтаад болоод ирэнгүүт таваглаад л бэлэн болно доо. Зурган дээр ногооны саладтай хамт тавагласан юм.

Иймэрхүү маягаар шарсан ногоог өөр бусад стейк эсвэл шарсан тахиатай хачир болгож эсвэл ингэж шарсан загасыг будаа, төмсний нухаштай хачирлаж бэлтгэж болох юм шиг санагдсан. Амжилт хүсье!


Өөө тийм англи хэлний үгийн санд ногооны нэрнүүд:
Цагаан цэцгэн байцаа- cauliflower
Ганга өвс- thyme
Шар, улаан перец- yellow, red bell pepper

Tuesday 4 June 2013

Хятад омлет

Өнөө өглөө хайртынхаа хүсэлтээр Хятад омлет хийлээ. Миний хийж чаддаг цөөхөн Хятад хоолны нэг. Хамгийн амархан Хятад хоол болохоор угаасаа энийг хийж чадахгүй хүн гэж бараг байхгүй байх. За ингээд яаж хийдгийг нь мэдэхгүй хүн байвал энэ жороор хийвэл алдахгүй шүү.

 Орц:

  • 3 улаан лооль
  • Ногоон сонгино (заавал хийх албагүй)
  • Сой цуу
  • 4 өндөг
  • 3/4 цайны халбага давс
  • Чимх хар перец
  • Чимх элсэн чихэр
  • Оливын тос (ямар ч тос байж болно)


Тосоо хайруулын тавгандаа хийж халаана. Энэ хооронд өндгөө аяганд хийгээд савхаар эсвэл сэрээгээр давс, перецээ хийгээд сайн хутгаж бэлдэнэ. Хайруулын тавгаа халангуут өндгөө хийж доод хэсгийг нь жаахан болгож байгаад хутгавал өндөг нь том том хэсгээрээ болж хуурагдана. Галаа намсгаад, өндгөө нэг буланд нь шахаж байгаад хэрчсэн улаан лоольнуудаа хайруулын тавагныхаа нөгөө буланд нь хийгээд дээр нь ногоон сонгиноо хийж хуурна. Улаан лоолио хэсэг хуураад өндөгтэйгөө нийлүүлж хутгаад дээр нь сой цуу, элсэн чихрээ хийж холиод хайруулын тавгаа таглаад галаа унтраана. 2 минут орчим ингэж байлгаад улаан лоольнууд нь бүхлээрээ хатуувтар байвал дээрээс нь халбагаараа сайн шахаж шүүсийг нь гаргаад л гүйцээ. Ийм л амархан өглөөний амттай хоол байна даа.

Англи хэлний үгийн санд:

  1. Хоол хутгадаг халбага- spatula
  2.  Ногоон сонгино- green onion
  3. Савх- chopstick
  4. Cой цуу- Soy sauce