Sunday, 1 September 2013

Шарсан хонины гуя


Taste of UB арга хэмжээнд очиж үзсэн чинь хонины махыг ингэж шарж идмээр санагдаад хийлээ. Бямба гаригийн орой нь махаа хөлдөөгчнөөс нь гаргаад, хөргөгчиндөө хийж гэсгээж хонуулна. Маргааш өглөө нь амталж байгаа шарахад янзын боллоо. Нийт 2 цаг 30 минут шарах шаардлагатай. Удаан шарах тусам мах нь зөөлөн болно. Махаа сайн гэсгээсэн байх тусмаа хурдан бөгөөд жигд болно.


Орц:

  • Хонины гуя
  • Давс, перец
  • Стейкны амтлагч 4 хоолны халбага
  • Ганга өвч
  • Сонгино том 1ш (тал саран хэлбэртэй хэрчсэн)
  • Сармис 3 хумс
  • Төмс 4ш (том дөрвөлжин хэрчсэн)
  • Лууван 2ш (бүдүүн хэрчсэн) 
  • Жижиг улаан лооль 6ш
  • Оливын тос

Улаан лоолиос бусад бүх ногоонуудаа амтлагч, давс перецтэй, оливын тостойгоо холино. Миний хувьд нэг удаагийн бээлий өмсөж байгаад хольчихвол гар заваарахгүй амар байдаг юм. Махаа мөн л адил гадна талыг нь амтлагч, давс, перец, оливын тосоо сайтар түрхэж тараана. Зуухаа 150 хэм дээр тавиад, халангуут нь мах, ногоогоо хийгээд 2 цаг шарна. Хэт халуун дээр шарвал доторх нь шүүрхий, гаднах нь түлэнхий борц шиг болчихно. Сүүлийн 30 минутанд улаан лоольнуудаа хийж хутгаад шарна. Таваглахдаа шинэ ногооны салат эсвэл будаатай хийвэл бүр ч гоё. За тэгээд Ням гаригт гэр бүлээрээ шарсан махаа идэх шиг сайхан мэдрэмж ховор байдаг даа. Амжилт хүсье:)

Англи хэлний үгийн санд:

  1. Ганга- Thyme
  2. Стейкний амтлагч-Steak Seasoning
  3. Том дөрвөлжин хэрчсэн- Cut into big chunks
  4. Шарсан хонины мах- Roast lamb (хурганы мах)
  5. Гэр бүл- Family
  6. Хөргөгч- Fridge
  7. Хөлдөөгч- Freezer


2 comments:

  1. Амттай хоолууд хийх юмаа. Яг өлсөж байсан чинь хоолны зураг оруулаад ходоодыг минь "зовоодог" байна шд.

    ReplyDelete