Saturday 10 August 2013

Тахианы махан котлеттэй өглөөний хоол

Анх удаагаа тахианы махаар котлет хийж үзлээ. Дажгүй болдог юм байна. Хамгийн гол нь жаахан аргуун болчихсон. Шүүслэг болгох ямар арга байдгийг нь судалж байгаад дараагийн удаа хийж үзнээ.

Орц:

  • Тахиа 200г 
  • Сонгино 1ш
  • Сармис 2 хумс
  • Яншуй 1 атга
  • Үсүү 1 атга
  • Төмс 1ш
  • Давс, перец
  • Өндөг
  • Салатны байцаа
  • Бяслаг
  • Песто
  • Талх 1 зүсэм
Сонгино, сармис, төмсөө эхлээд миксер дотроо хийгээд машиндана. Сайн машиндаж жижиглэсний дараа тахианыхаа мах, яншуй, амтлагчнуудаа хийж машиндана. Бэлэн болсон махаа хэсэг хэсгээр нь авч котлетоо бага зэргийн тостой хайруулын тавганд дунд зэргийн гал дээр битүү шарна. Тахианы махыг хэзээ ч шүүрхий идэж болохгүй учраас 20 минут шарлаа. Нэг талаар нь 10 минут шарна. Эсвэл над шиг өглөөний хоол бэлдэж байгаа бол түүхий котлетуудаа уутанд хийгээд хөлдөөчих. Маргааш өглөө нь шарах шүүгээнд сайн гэсгээж байгаад шарна. 
Таваглахдаа талхан дээрээ песто түрхээд, дээр нь салатны байцаа, нарийн зүссэн бяслаг (чеддар, мозарелла аль нь ч байж болно), тахианы котлет, нүдэлж шарсан өндгөө тавина. Сэрээ, хутгаа аваад ммммм..

Англи хэлний үгийн санд:
  1. Тахианы котлет- chicken pattie
  2. Песто- pesto (базилик, самар, сармис, оливын тостой хольсон амтлагч)
  3. Яншуй- Parsley
  4. Үсүү- Coriander
  5. Чеддар бяслаг- Cheddar cheese
  6. Мозарелла бяслаг- Mozzarella cheese


Кимчитэй шөл

Хайртынхаа захиалгаар хийсэн кимчитэй шөл. Эрүүл гэсэн болгоныг шингээсэн Солонгосын алдартай хоолыг жаахан Монголчлоод хийчихлээ.

Орц:

  • Кимчи 1 уут
  • Үхрийн мах 200г
  • Төмс  1 ш
  • Лууван 1ш 
  • Далайн байцаа 2 хоолны халбага
  • Дүфү
  • Байцаа 1/4 
  • Сонгино 1 ш (жижиг хэрчсэн)
  • Сармис 2 хумс
  • Цагаан гаа 1 хэрчим
  • Шар буурцагны нухаш (2 цайны халбага)
  • Давс, перец
  • Жижиг ширхэгтэй цагаан будаа
Будаагаа агшаана. Махаа сайн гэсгээж байгаад нарийхан зорж, ногоонуудаа дөрвөлжин хэрчинэ. Тогоондоо 3 том аяга хүйтэн ус хийгээд дээр нь хэрчиж бэлдсэн ногоонууд, мах, давс, перец, шар буурцагны нухаш зэргийн амтлагчнуудаа хийнэ. Зөөлөн гал дээр буцалгана. 30 минут орчмын дараа амсаж үзээд шаардлагатай бол давс нэмнэ. Шөл, будаагаа тусад нь аягалаад идэхэд бэлэн болно доо. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй.

Англи үгийн санд:
  1. Байцаа- cabbage
  2. Шар буурцагны нухаш- soybean paste
  3. Жижиг ширхэгтэй цагаан будаа- short grain white rice
  4. Дүфү- tofu
  5. Цагаан гаа- ginger
  6. Бага гал дээр хийх-  to cook on low heat
  7. Кимчитэй шөл- kimchi soup

Англи өглөөний хоол

Ойрдоо ямар аймшигтай завгүй байна аа? Блогоо бичих зав гарахгүй юм. Миний амьдарл ч амралтын, ажлын өдөр ялгаагүй компьтерийн ард өнгөрдөг болж дээ хэхэ. Өглөөний цайгаа л алгасахгүй идэж байна. Энэ удаа Англи өглөөний цай бэлдлээ. Гэхдээ мэдээж өөрийн болгож, эрүүл маягаар хийсэн.

Орц:

  • Хиам 1 бүдүүн зүсэм
  • Өндөг 1ш
  • Талх 2 зүсэм
  • Улаан лоолийн соустай буурцаг
Хайруулын тавгандаа бага зэрэг тос хийгээд өндөг, хиамаа хийж шарна. Өндгөө нүдэлж шарах арга маань хайруулын тавгаа сайн халааж байгаад өндгөө хийнгүүтээ таглаад галаа унтраана. Таглахгүй болохоор өндөг дороосоо түлэгдээд дээгүүрээ түүхий болоод байдаг юм. Өндөг, хиамаа шарагдаж байх хооронд лаазтай улаан лоолийн соустай буурцгаа задлаад, тавганд хийж шарах шүүгээнд халаана. Халаахдаа таглахгүй бол буудаад шарах шүүгээг чинь улаан эрээн болгоно шүү. За тэгээд талхаа шарагчинд шараад, бүгдийг нь ингэж таваглаад Англи өглөөний хоол бэлэн боллоо. 

Англи үгийн санд:
  1. Бүдүүн зүсэм хиам- big slice of sausage
  2. Улаан лоолийн соустай буурцаг- beans with tomato sauce
  3. Шарсан талx- toast
  4. Талх шарагч- toaster
  5. Таглах- to cover with lid
  6. Англи өглөөний хоол- English breakfast (уламжлалт Англи өглөөний хоол шарсан төмс, шарсан улаан лоольтой байдаг. Өглөө эрт хэт олон шарсан юм идвэл муу байх гэж бодоод өөрийнхөөрөө хийлээ.)