Saturday, 14 February 2015

Валентины "Шоколадны мөрөөдөл" бялуу


Хайртдаа Валентины өдрөөр "Шоколадны мөрөөдөл" бялуу хийж сюрприз барьлаа. Нөхөр маань "Янзын гоё амттай байна" гэсээр амтархан 2 зүсмийг нэг дор идчихлээ. Ер нь хийж өгсөн хоол, бялуу маань таалагдаж, магтаалын үг сонсох хамгийн гоё, урамтай байдаг шүү.

Орц:

  • 2 аяга гурил
  • 1 аяга чихэргүй какао
  • 1 1/2 цайны халбага хүнсний сода
  • 1/4 цайны халбага давс
  • 3/4 аяга масло (өрөөний хэмд)
  • 2 аяга элсэн чихэр
  • 3 том өндөг
  • 2 цайны халбага ваниллийн сахар
  • 1 1/2 аяга сүү
  • 1 1/2 гадил жимс

Шоколадны ганаш
  • 2 уут буюу 400 г хар шоколад
  • 1/3 аяга сүү
  • 1 аяга масло
Хийх арга:

Бялууны кекс:

Гурил, какао, хүнсний сода, ваниллийн сахар, давсаа бүгдийг шигшүүрт хийж шигшиж бэлдэнэ. Миксер дотор элсэн чихэр, маслоо хийж дунд зэргийн хурдаар 2 минут, дараа нь хурдан дээр нь 5 минут хутгана. Аливаа бялуу, нарийн боовыг хийхдээ масло, өндөг нь өрөөний хэмд байх ёстойг анхаарах хэрэгтэй. Дөнгөж хөргөгчнөөс гаргаад хийвэл хүссэн үр дүндээ хүрч чадахгүйг санаарай. 5 минут хутгасны дараа өндөгнүүдээ нэг, нэгээр нь хийж холино. Дараа нь хуурай шигшсэн зүйлсээ бага багаар нэмэнгээ холино. Хамгийн сүүлд нь сүүгээ хийж шингэвтэр зуурмаг бэлэн болно.
Шарах зуухаа 180 хэм дээр халаана. Бялууныхаа хэвний ёроолд талькан цаас дэвсээд, ханыг нь маслоор тосолно. Шарах зуухаа халангуут бялууныхаа хэвэнд зуурмагаа хийгээд 30-45 минут болгоно. 30 минут болонгуут зуурмагныхаа гол руу шүдний чигчлүүрээр хатгаж шалга. Чигчлүүр цэвэрхэн, зуурмаг наалдахгүй гарвал болсон гэсэн үг. Бялуугаа болонгуут гаргаад бүрэн хөргөнө. Тийм ээ, тэвчээр бас дахин тэвчээр:)

Шоколадны ганаш:

Бялууг хөрж байх хооронд сүүгээ халааж, бараг буцлахын даваан дээр болонгуут галаас авч, дээр нь нарийхан зүссэн хар шоколадаа хийгээд 2 минут орхино. 2 минутын дараа шоколадаа хутгахад, хайлсан байх тул амархан холигдоно. Хамгийн сүүлд нь маслоо хийж сайн холино. Масло хийдэг нь ганашийг илүү гялалзсан болгох зорилготой. Ингээд 5 минут орчим хөргөнө.

Бялуугаа хөрөнгүүт дундуур нь хоёр хувааж зүсээд доод талынх дээр нь ганашаа асгаж жигд тараана. Гадил жимсээ нарийнхан зүсээд үүн дээрээ өрнө. Дараа нь дээд давхрыг нь тавиад, ганашаа бүрэн бүртэл нь асгаж тараана. Ганашыг бүрэн хөрөнгүүт үлдсэн ганашыг хэвлэгчинд хийгээд дуртай үг, цэцэг, дүрсээ бичиж чимэглэх боломжтой.

Бялуу миний амьдралдаа идэж байсан хамгийн гоё чийглэг зөөлөн бялуу болсон. Та нарт таалагдана байх гэж найдаж байна. Хайртаа хүмүүстээ хийж өгч баярлуулаарай.

Англи хэлний үгийн санд:

  1. Ганаш- ganache
  2. Кекс- cake
  3. Хар шоколад- dark chocolate
  4. Ваниллийн сахар- vanilla sugar
  5. Чихэргүй сахар- unsweetened cacao

No comments:

Post a Comment