Showing posts with label Шөл. Show all posts
Showing posts with label Шөл. Show all posts

Saturday, 10 August 2013

Кимчитэй шөл

Хайртынхаа захиалгаар хийсэн кимчитэй шөл. Эрүүл гэсэн болгоныг шингээсэн Солонгосын алдартай хоолыг жаахан Монголчлоод хийчихлээ.

Орц:

  • Кимчи 1 уут
  • Үхрийн мах 200г
  • Төмс  1 ш
  • Лууван 1ш 
  • Далайн байцаа 2 хоолны халбага
  • Дүфү
  • Байцаа 1/4 
  • Сонгино 1 ш (жижиг хэрчсэн)
  • Сармис 2 хумс
  • Цагаан гаа 1 хэрчим
  • Шар буурцагны нухаш (2 цайны халбага)
  • Давс, перец
  • Жижиг ширхэгтэй цагаан будаа
Будаагаа агшаана. Махаа сайн гэсгээж байгаад нарийхан зорж, ногоонуудаа дөрвөлжин хэрчинэ. Тогоондоо 3 том аяга хүйтэн ус хийгээд дээр нь хэрчиж бэлдсэн ногоонууд, мах, давс, перец, шар буурцагны нухаш зэргийн амтлагчнуудаа хийнэ. Зөөлөн гал дээр буцалгана. 30 минут орчмын дараа амсаж үзээд шаардлагатай бол давс нэмнэ. Шөл, будаагаа тусад нь аягалаад идэхэд бэлэн болно доо. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй.

Англи үгийн санд:
  1. Байцаа- cabbage
  2. Шар буурцагны нухаш- soybean paste
  3. Жижиг ширхэгтэй цагаан будаа- short grain white rice
  4. Дүфү- tofu
  5. Цагаан гаа- ginger
  6. Бага гал дээр хийх-  to cook on low heat
  7. Кимчитэй шөл- kimchi soup

Friday, 31 May 2013

Том Ёнг Гунг нэртэй Тайланд шөл


Энэ Тайланд шөл гоё үнэрнээсээ, харагдах байдлаасаа эхлээд ямар ч хүнд идэх хүсэл шууд төрүүлдэг хоол. Тайланд хоолонд орсон хүн болгон энэ исгэлүүн бас халуун ногоотой шөлийг иддэг байх аа. Хийх материал нь зарим нэг нь Монголд олоход хэцүү байсан ч өөр юмаар орлуулаад хийчихлээ.

Орц:

  • Загас (дөрвөлжин хэрчинэ)
  • Сам хорхой 6 ш
  • Нимбэг 3 зүсэм
  • Сармис 2 хумс (нухсан)
  • Сонгино (жижиг дөрвөлжин хэрчсэн)
  • Улаан чинжүүний нухаш 1 хоолны халбага (Солонгос улаан чинжүүний нухаш ашигласан)
  • Коконатны крем эсвэл сүү 1 лааз
  • Цоохор майлз (2 см орчим зузаантай хэрчсэн)
  • Улаан лооль (жижиг дөрвөлжин хэрчсэн)
  • Цагаан гаа 1 цайны халбага (нунтгийг ашигласан)
  • Броколли 
  • Бууцай
  • Тахианы бульон (дөрвөлжин шөлний амт оруулагч ашигласан)
  • Давс, перец

Коконатны крем, бууцай, сам хорхой, броколлиноос бусдыг нь усанд хийж 10 орчим минут чанана. Энэ хооронд шөлөнд амт орж, чинжүүний нухаш шөлийг улаан өнгөтэй болгосон байна. Ногоонууд нь болонгуут дээр нь коконатны крем, сам хорхой, бууцай, броколлигоо хийж 2-3 минут үргэлжлүүлэн чанана. Коконатны крем нь шөлний улаан өнгийн улбар шар болгодог. Нимбэг хийдгийн учир нь шөлний алдарт исгэлүүн амтыг гаргах зорилготой. Таваглахдаа дээр нь хэрчсэн яншуйгаар чимж болно. Будаатай хольж иднэ үү дангаар нь иднэ үү хүн хүний өөрийн дур сонирхол юм даа. Дараагийн удаа каррины жор оруулнаа.

Англи хэлний үгийн санд:
  1. Улаан чинжүүний нухаш- red chilli paste
  2. Броколли- broccoli
  3. Цоохор майлз- celery
  4. Цагаан гаа- ginger
  5. Коконатны крем- coconut cream

Monday, 13 May 2013

Улаан манжингийн шөл

Ойрын үед эрүүл хоол хүнсний давалгаанд орчихлоо. Хоол хийх болгондоо яаж хамгийн эрүүл маягаар хийх вэ гэж боддог болчихсон байна. Оройн хоол идэхгүй, өглөө болж өгвөл шарсан хуурсан юм идэхгүй байхаар шийдсэн. Төрөл бүрийн ногоогоор зутан шөл хийж идэхэд хүний биед муу юм байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгээд энэ удаа улаан манжингийн шөл хийлээ.

Орц:
  • Улаан манжин 1ш
  • Төмс дунд зэрэг 2ш
  • Сонгино 1ш
  • Сармис 1 хумс
  • Давс
  • Перец

Ногоонуудаа жижиг дөрвөлжин хэрчээд 2 хоолны аяга орчим усанд зөөлөн гал дээр 30 минут болгоно. Тэгээд амтлагчаа хийгээд, миксерт хийж зутан шөл болгоно. Төмс хийсний учир нь гэвэл улаан манжин дангаараа байвал хэт шингэн мөртлөө хурц болох учраас төмс хийж шөлөө зутан маягийн зөөлөн амттай болгосон.  Таваглахдаа халбага цөцгийн тос нэмээд л гүйцээ.

Улаан манжин- Beetroot
Сармис- Garlic
Төмс- Potato

Sunday, 21 April 2013

Хулууны зутан шөл

Хамгийн эрүүл хоолнуудын нэг гэвэл энэ хулууны зутан шөл яах аргагүй мөн. Хийхэд ч амархан энэ хоол солонгос хүүхнүүдийн арьсны нууц гэсэн шүү. Үргэлж мах идэхгүйгээр хааяа нэг дан ногооны зутан шөл хийж идэх сонирхолтой гоё байдаг.

ОРЦ:

  • 1 жижгэвтэр хулуу
  • 1 жижиг сонгино
  • 1 хумс сармис
  • Давс 
  • Перец
  • Ус
Хулуугаа таллаж байгаад хальсыг нь цэвэрлэнэ. Тэгээд голынх нь яснуудыг авч хаяна. Дараа нь том том дөрвөлжин хэрчээд бусад орцтойгоо нийлүүлэн чанана. Хулуу нь болонгуут шөлөө блендерт хийгээд зутан болгоно. Хүмүүс дээр нь крем, цөцгий нэмж идэх дуртай байдаг, гэхдээ надад дан ногоо чигээр нь эрүүл хүнс маягаар хэрэглэх нь дээр санагддаг.



Англи үгийн санд:
  1. Хулуу- pumpkin
  2. Ус- water
  3. Эрүүл- healthy
  4. Блендер- blender
  5. Сармис- garlic