Wednesday, 24 April 2013

Багсарч хуурсан өндөг

Өндгийг маш олон төрлөөр бэлтгэж өглөөний цайндаа хэрэглэж болдог. Өнөө өглөө багсарч хуурсан өндөг хийж идмээр санагдаад хийлээ. Бас ногоо түлхүү хэрэглэж байхыг хичээж хажууд нь жижиг улаан лоольнууд таллаж хэрчээд, шарсан талхтай тавагласан чинь дажгүй л харагдаж байна.

ОРЦ:
  • 4 өндөг
  • 1 хоолны халбага масло
  • Чимх давс, перец
  • Улаан лооль
  • Балсамик цуу
  • Шарсан талх 2 зүсэм
  • Оливын тос  
4 өндгөө томхон аяга эсвэл саванд хийж байгаад чимх давс, перецээ хийж сайтар хутгана. Хайруулын таваг эсвэл түлэгддэггүй шанаганд жаахан оливын тос хийж дунд зэргийн гал дээр хутгасан өндгөө хийгээд дээр нь масло нэмнэ. Дараа нь масло хайлтал нь модон халбагаар сайтар хутгаж өндгөө сэвсгэр өтгөн болгоно. Хамгийн гол нь түлж болохгүй, гал заавал дунд зэрэг байх ёстой. Энэ хооронд талхаа шарагчинд шараад, таваглахдаа таллаж хэрчсэн улаан лоольнууд дээр багахан балсамик цуу дусаагаад амттай, эрүүл өглөөний хоол бэлэн боллоо! Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. 
 
Өнөөдрийн англи үгнүүд:
 
  1. Шарсан талх- Toast
  2. Жижиг улаан лоольнууд- Cherry tomatoes
  3. Балсамик цуу- Balsamic vinegar
  4. Багсарч хуурсан өндөг- scrambled egg
  5. Масло- butter
 
 

No comments:

Post a Comment