Saturday, 14 February 2015

Валентины "Шоколадны мөрөөдөл" бялуу


Хайртдаа Валентины өдрөөр "Шоколадны мөрөөдөл" бялуу хийж сюрприз барьлаа. Нөхөр маань "Янзын гоё амттай байна" гэсээр амтархан 2 зүсмийг нэг дор идчихлээ. Ер нь хийж өгсөн хоол, бялуу маань таалагдаж, магтаалын үг сонсох хамгийн гоё, урамтай байдаг шүү.

Орц:

  • 2 аяга гурил
  • 1 аяга чихэргүй какао
  • 1 1/2 цайны халбага хүнсний сода
  • 1/4 цайны халбага давс
  • 3/4 аяга масло (өрөөний хэмд)
  • 2 аяга элсэн чихэр
  • 3 том өндөг
  • 2 цайны халбага ваниллийн сахар
  • 1 1/2 аяга сүү
  • 1 1/2 гадил жимс

Шоколадны ганаш
  • 2 уут буюу 400 г хар шоколад
  • 1/3 аяга сүү
  • 1 аяга масло
Хийх арга:

Бялууны кекс:

Гурил, какао, хүнсний сода, ваниллийн сахар, давсаа бүгдийг шигшүүрт хийж шигшиж бэлдэнэ. Миксер дотор элсэн чихэр, маслоо хийж дунд зэргийн хурдаар 2 минут, дараа нь хурдан дээр нь 5 минут хутгана. Аливаа бялуу, нарийн боовыг хийхдээ масло, өндөг нь өрөөний хэмд байх ёстойг анхаарах хэрэгтэй. Дөнгөж хөргөгчнөөс гаргаад хийвэл хүссэн үр дүндээ хүрч чадахгүйг санаарай. 5 минут хутгасны дараа өндөгнүүдээ нэг, нэгээр нь хийж холино. Дараа нь хуурай шигшсэн зүйлсээ бага багаар нэмэнгээ холино. Хамгийн сүүлд нь сүүгээ хийж шингэвтэр зуурмаг бэлэн болно.
Шарах зуухаа 180 хэм дээр халаана. Бялууныхаа хэвний ёроолд талькан цаас дэвсээд, ханыг нь маслоор тосолно. Шарах зуухаа халангуут бялууныхаа хэвэнд зуурмагаа хийгээд 30-45 минут болгоно. 30 минут болонгуут зуурмагныхаа гол руу шүдний чигчлүүрээр хатгаж шалга. Чигчлүүр цэвэрхэн, зуурмаг наалдахгүй гарвал болсон гэсэн үг. Бялуугаа болонгуут гаргаад бүрэн хөргөнө. Тийм ээ, тэвчээр бас дахин тэвчээр:)

Шоколадны ганаш:

Бялууг хөрж байх хооронд сүүгээ халааж, бараг буцлахын даваан дээр болонгуут галаас авч, дээр нь нарийхан зүссэн хар шоколадаа хийгээд 2 минут орхино. 2 минутын дараа шоколадаа хутгахад, хайлсан байх тул амархан холигдоно. Хамгийн сүүлд нь маслоо хийж сайн холино. Масло хийдэг нь ганашийг илүү гялалзсан болгох зорилготой. Ингээд 5 минут орчим хөргөнө.

Бялуугаа хөрөнгүүт дундуур нь хоёр хувааж зүсээд доод талынх дээр нь ганашаа асгаж жигд тараана. Гадил жимсээ нарийнхан зүсээд үүн дээрээ өрнө. Дараа нь дээд давхрыг нь тавиад, ганашаа бүрэн бүртэл нь асгаж тараана. Ганашыг бүрэн хөрөнгүүт үлдсэн ганашыг хэвлэгчинд хийгээд дуртай үг, цэцэг, дүрсээ бичиж чимэглэх боломжтой.

Бялуу миний амьдралдаа идэж байсан хамгийн гоё чийглэг зөөлөн бялуу болсон. Та нарт таалагдана байх гэж найдаж байна. Хайртаа хүмүүстээ хийж өгч баярлуулаарай.

Англи хэлний үгийн санд:

  1. Ганаш- ganache
  2. Кекс- cake
  3. Хар шоколад- dark chocolate
  4. Ваниллийн сахар- vanilla sugar
  5. Чихэргүй сахар- unsweetened cacao

Thursday, 20 March 2014

Сармисны гол, үхрийн махтай Хятад хуурга

Ойрын хэдэн сар блогоо бичсэнгүй, хөөрхий минь бүр царай алдах нь. Блогдоо өчигдөр орой хийсэн хоолоо оруулъя гэж бодлоо.

Тосоо хайруулын тавгандаа хийж халаахдаа жижиглэн хэрчсэн сармис, цагаан гаа, нунтаг улаан чинжүүгээ хийнэ. Тосоо халангуут мах, сармисны голоо хийж бүх амтлагчнуудаа хийгээд хуурна. 1 минут орчим хуурсны дараа таглаад зөөлөн гал дээр 10 минут орчим болгоно. Таваглахдаа ашгаасан будааны хамт таваглана.

*Цагаан гаа бүтнээр нь зажилж идэхэд эвгүй байдаг. Тиймээс том том зүсээд хийчихвэл хоолноосоо ялгаж хаяхад амар болно.

Орц:

  • Үхрийн мах 200г нимгэн тэгш өнцөгт хэлбэрээр хэрчинэ
  • Сармисны гол 1 багц, 4см орчим урттай хэрчинэ
  • Цагаан гаа 4 зүсэм
  • Сармис 2 хумс
  • Давс, перец
  • Чилитэй тос
  • Нунтаг улаан чинжүү 1/4 цайны халбага
  • BBQ соус
  • Ургамалын тос
  • Агшаасан будаа
English vocabulary:
  1. BBQ sauce-төрөл бүрийн амтлагчтай шарсан махны бэлэн соус
  2. Steamed rice- агшаасан будаа
  3. 4cm long strips- 4 см урттай хэрчсэн
  4. 4 зүсэм цагаан гаа- 4 slices of ginger


Thursday, 31 October 2013

Чилитэй тос

Заримдаа чилитэй хоол хиймээр санагдаад авчихаар идэж барахгүй үлдчихээд байдаг даа? Тэгвэл чилитэй тос хийгээд тавьчихвал хэзээ ч хоолны амтлагч болгоод хэрэглэх боломжтой. Ялангуяа пиццан дээр дусааж идвэл бүр ч янзтай.

Орц:

  • Чили 
  • Наранцэцэгийн тос (оливын тос хэтэрхий хурц амттай болж магадгүй)
Чилитэй тосоо хийж хадгалах шилээ эхлээд духовканд хийж ариутгана. Тосоо хайруулын тавганд хийгээд дунд зэргийн гал дээр халаана. Тосоо халангуут чилигээ таллаж хэрчиж байгаад хийнэ. 2 орчим минут тосондоо чилигээ байлгаад галаа унтраана. Гал хэт халуун байвал чилигээ түлэх аюултай. Тосоо халуун дээр нь ариутгасан шилэн дотроо хийгээд хөргөснийхөө дараа таглаад хадгална. Тосны өнгө яваандаа улаан болно. Тэгвэл амт улам хүчтэй болсон байна гэсэн үг. Амжилт хүсье. Хэрэгтэй зөвлөгөө байсан байх гэж найдаж байна. 

*Чилигээ жижиглэж хэрчих тусам амт нь хүчтэй болохыг анхаараарай.

Англи хэлний үгийн санд:

  1. Чили- chilli
  2. Наранцэцгийн тос- sunflower oil
  3. Оливын тос- olive oil


Thursday, 24 October 2013

Франц шарсан талх

Өнөө өглөө цаг амжихгүй болохоор нь Франц шарсан талх хийлээ. Хийхэд амархан энэ талхыг чихэрлэг эсвэл давстай хийж болно. Хэрвээ давстай хийсэн бол кетчуптай хольж идвэл зүгээр санагддаг. Харин чихэрлэг хийвэл варень, шоколадны соус, агч модны сироп, молокотой хольж идвэл янзтай.

Орц:

  • Өндөг 2ш
  • Талх 4 зүсэм
  • Давс чимх
  • Элсэн чихэр 1 хоолны халбага
  • Сүү 1 хоолны халбага
  • Тос 1 цайны халбага
Өндөгнүүдээ аяганд хагалж хийгээд сүү, элсэн чихэр, давсаа хийж сайтар хутгана. Тосоо хайруулын тавгандаа хийж халаагаад, талхаа өндгөндөө дүрээд шарна. Тал бүрийг нь 2 минут орчим шарна. 

Англи хэлний үгийн сан:
  1. Агч модны сироп- maple syrup
  2. Шоколадны соус-chocolate sauce
  3. Молоко- condensed milk
  4. Варень- jam
  5. Франц шарсан талх- French toast

Monday, 21 October 2013

Бууцай, бейконтой фриттата

Энэ долоо хоногт өглөө болгон өөр өөр хоол хийж идэхээр шийдээд хуваарь гаргачихлаа. Даваа- омлет, Мягмар- Фриттата, Лхагва- Гриллдсэн бяслагтай талх, Пүрэв- Хулууны шөл, бяслагтай талх, Баасан- Махтай бин. Өнөөдөр Мягмар гарагийн өглөө болохоор бейкон, бууцайтай фриттата хийж идлээ.

                                                Орц:
  • Бейкон 50г                                                                
  • Өндөг 4ш
  • Бууцай 100г
  • Давс, перец
  • Тос 1 хоолны халбага
  • Сармис 1 хумс
  • Төмс 2ш
                                      

    Шарах зуухаа 200 хэм дээр тавьж халаана. Сармисаа нухаад жижиглэж, бууцайгаа 4 см урттай хэрчинэ. Бейконыг жижиг дөрвөлжин хэрчинэ. Төмсөө нимгэн бөөрөнхий хэрчээд 5 минут буцалгана. Аяганд өндөгнүүдээ хагалж хийгээд дээр нь бейкон, бууцай,  сармисаа хийж давс, перецээр амтлаад хутгана. Тортны хэвээ тослоод, чанасан төмснүүдээ ёроолыг нь бүрхтэл өрөөд давсална. Дээр нь өндөгнийхөө зуурмагийг асгаад зуухандаа хийж 8 минут болгоно. Бас листэн дээрээ талхнууд тавиад шарвал бүр ч янзтай. Бэлэн болсон фриттатагаа дөрөв хуваагаад 2, 2-оор нь таваглана.

    Англи хэлний үгийн санд:
    1. Бууцай- spinach
    2. Тортны хэв- cake tin
    3. Фриттата-frittata
    4. Жижиг дөрвөлжин хэрчих- to dice

    Thursday, 17 October 2013

    Хятад өглөөний цай

    Хятадууд иймэрхүү өглөөний хоол идэх дуртай байдаг. Оюутан байхдаа хааяа нэг авч иддэг байсан юм. Харахад эвгүй мэт боловч амт нь гоё. Өглөөний хоол өдөр бүр өөр өөр байдаг бол гоё сонирхолтой, сэрээд гоё хоол иднэ гэж бодохоор урамтай ч сэрэх байх.

    Орц:
    • Өндөг 4ш
    • Хар цуу 4 хоолны халбага
    • Далиу 2 дэлбээ
    • Башир цэцэг 2 ш
    • Цай (ууттай цай бол 1ш, уутгүй бол 1 хоолны халбага)
    • Давс 1 цайны халбага
    • 1 аяга ус
    • Элсэн чихэр 1 цайны халбага
    • Хар перец бөөрөнхий 2ш
    • Урт будаа 1 аяга
    •  3 аяга ус
     Өндгөө 3-5 минут цэвэр усанд чанаад хүйтэн усанд сойно. Энэ хооронд хар цуу, 1 аяга ус, бүх амтлагчнуудаа цайны хамт хийгээд хутгана. Өндгөө хөрөнгүүт хатуу гадарга дээр алгаараа өнхрүүлж хальсыг нь бяцална. Ингэхдээ болгоомжтой байхгүй бол нэг өндгөө дундуур нь хуваачихсан. Хальсыг нь няцлах болохоос хуулахгүйг анхаараарай. Бяцалсан хальстай өндөгнүүдээ нөгөө соусандаа хийгээд зөөлөн гал дээр 30 минут чанана.
    Будаагаа угаагаад, буцалсан 3 аяга усанд хийгээд агшаагчныхаа зутан хийдэг сонголт нь дээр тавина. Бараг цаг гаруй буцална гэсэн үг. Энэ хоолыг ер нь өмнөх орой нь бэлдээд тавьсан нь дээр юм билээ. Өглөө амжихгүй байх магадлал өндөр.

    Будааныхаа зутан дээр шарсан мах, сонгино, давсалсан далай байцаа тавьж идэж болно. Өнөө өглөөний хувьд амжаагүй учраас тэгж чадсангүй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

    Англи хэлний үгийн санд:
    1. Далиу- star anise
    2. Башир цэцэг- clove
    3. Ууттай цай-tea bag
    4. Урт будаа- long grain rice

    Thursday, 10 October 2013

    Жап Чае буюу пүнтүүзтэй хуурга

    Солонгосд нэлээн түгээмэл байдаг хоолнуудын нэг Жап Чае. Хүүхэд байхдаа ханиад хүрээд,  аавыгаа пүнтүүзтэй хуурга хийгээд өгөөч гэж гуйж байлаа. Тэгээд аав маань гараа гаргаж пүнтүүзтэй хуурга хийж өгсөн чинь ухаангүй их идсэн. Даанч бие муу байсан болохоор удахгүй бөөлжөөд гаргачихсан. Одоо бодоход аав маань гомдсон байх даа. Гараа гаргаж хийсэн хоолыг нь гаргачихаар... Гэхдээ пүнтүүзтэй хуурган дуртай хэвээрээ байгаа:)

    4 хүний порц
    Орц:
    • Пүнтүүз тал уут
    • Мах 200г
    • Улаан перец 1ш
    • Далайн байцаа 50г
    • Лууван 1ш
    • Сонгино 1ш
    • Сармис 3 хумс
    • Тос
    • Гүнжидийн тос
    • Давс, элсэн чихэр, хар перец
    • Хар цуу
     Буцалсан халуун усанд пүнтүүзээ хийгээд таглана. Махаа нарийхан хэрчинэ. Аяганд 2 хоолны халбага хар цуу, 1 цайны халбага гүнжидийн тос, 1 цайны халбага элсэн чихэр, 1 хумс нухсан сармис хийгээд сайн холино. Энэ соусандаа махаа хийгээд сайтар хутгаад орхино. Хайруулын тавганд бага зэргийн тос хийгээд тал сар хэлбэрээр хэрчсэн сонгино, нухсан 2 сармисаа хийж 2 минут орчим хуурна. Дараа нь нарийхан урт урт хэрчсэн лууван, улаан перецээ хийж 5 минут орчим хуурна. Далайн байцаагаа жижигхэн хувааж байгаад халуун усанд хийж дэвтээнэ. Далайн байцаагаа сойгоод, соустай махтайгаа хамт хийгээд давс перецээр амталж, 5 минут орчим хуурна.

    Пүнтүүзээ сойгоод, 2 хоолны халбага цуу, 1 цайны халбага элсэн чихэр, 1 цайны халбага гүнжидийн тосоор хийсэн соус дээр нь хийж сайн хутгана.

    Мах, ногоо нь болсон үед пүнтүүзээ дээр нь хийж хутгаад Жап Чае бэлэн боллоо. Кимчи эсвэл дарсан өргөс хэмхтэй идвэл янзын гоё амттай.


    Англи хэлний үгийн санд:
    1. Пүнтүүз- glass noodles
    2. Дарсан өргөст хэмх- gherkins эсвэл pickled cucumber
    3. Гүнжидийн тос- sesame oil
    4. Хар цуу- soy sauce
    5. Соус- marinade