Өдрийн мэнд,
Би хоол хийх үнэхээр дуртай. Тийм болохоор энэ хоолны тухай блогоо хоол хийх дуртай хэн бүхэнд зориулж байна. Дээрээс нь мэдлэгээ хуваалцах зорилгоор миний блогноос хүмүүс хоолны санаа авангаа англи хэлээ сайжруулаасай гэж бодоод жор болгон дээрээ хэдэн англи үгнүүд оруулж байхаар боллоо. Гэхдээ дандаа хоол хүнстэй холбогдолтой үгнүүд байна. Яваандаа уншигчид маань өөрөө англи хэл дээр жороо хайгаад хийчихдэг болоосой гэж хүссэн юмаа. За ингээд анхны жор маань орос маягийн банш.
Аав маань нэг удаа гахайн махаар хийсэн жинхэнэ орос банш хийж өгсөн нь ердөө санаанаас гардаггүй юм. Саяхан нөгөө баншаа санаад жорыг нь интернэтээр хайсаар байгаад олоод хийсэн чинь дажгүй болдог юм байна. Бас баншаа өөрсдөө хүссэнээрээ амталж болно.
ЖОР
Мах:
- 300г машиндсан гахайн мах (залхуурахгүй бол гараараа татсан ч болно)
- 1 ш машиндсан сонгино (эсвэл жижигхэн дөрвөлжин хэрчсэн)
- 1 хумс сармис (нухсан эсвэл жижигхэн хэрчсэн)
- Давс ба перец
Гурил:
- 500г гурил
- 1 өндөг
- Тал цайны халбага давс
- 1 аяга бүлээн ус
Хачир:
- Цөцгийн тос эсвэл оливын тос
Махныхаа орцыг бүгдийг нь хольж хутгаад бэлдэнэ.
Гурилныхаа голд нүх гаргаад өндөгөө хийж хутгаад, дээр нь давсаа хийж уусгасан бүлээн усаа нэмээд зуурна. Гурилаа 30 орчим минут амраана.
Гурилаа амраасныхаа дараа баншаа хийнэ. Ингэхдээ гурилаа нэг нэгээр нь жижигхэн хувааж хэрчээд нэг бүрчлэн элдэж чимхэх эсвэл нэгмөсөн томоор нь элдэж байгаад стаканаар дээр нь дарж авсан гуриландаа махаа хийж чимхэж болно. Аль амархныг нь өөрөө сонгоорой. Баншаа буцалж байгаа усанд хийж чанана. Банш дээшээгээ хөвөөд ирвэл болсон байна гэсэн үг. Хөлдөөсөн бол харин болохдоо арай удаан байна. Таваглахдаа хажууд нь цөцгийн тосоо тавих эсвэл дээр нь оливын тос асгаж өгнө.
|
Орос маягийн банш
|
Шинэ үгс:
- Банш- dumpling
- Гахайн мах- pork
- Сонгино- оnion
- Сармис- garlic
- Давс- salt
- Хар перец- black pepper