Thursday, 3 October 2013

Карбонара

Ойрдоо хурим гээд блогоо бичих зав гарсангүй. Завгүй эсвэл ядарсан үедээ хүн болгон л хурдан, амархан хоол хийхийг хүсдэг дээ. Тэгээд өчигдөр орой карбонара хийлээ. Материал нь бэлэн байвал энэ шиг амархан бас амттай хоол байхгүй. За ингээд Италийн алдарт карбонара паста яаж хийх талаар сурцгаая.

Орц:
  • Спагетти (тал уут)
  • Бейкон буюу гахайн утсан мах (1/4 уут)
  • Сармис 1 хумс
  • Хар перец 1/2 цайны халбага
  • Оливын тос
  • Кремэн бяслаг (2 хоолны халбага)
  • Пармежан бяслаг
  • Сүү (2 хоолны халбага)
  • Өндөг 1ш
  • Ногоон вандуй  (1/4 лааз)
  • Давс 1 цайны халбага

Гоймонгоо буцалж байгаа давстай халуун усанд хийгээд 10 орчим  минут чанана. Энэ хооронд бейконоо 1см өргөнтэй, сармисаа нухаж жижиглэн хэрчинэ. Лаазтай вандуйгаа шүүгээд усаар зайлна. Вандуй заавал хийх албагүй, гэхдээ бейкон, пармежан бяслаг нь давслаг байдаг болохоор чихэрлэг амт оруулах гэж ногоон вандуй хийсэн. 1 хоолны халбага орчим оливын тосоо хайруулын тавгандаа хийж халаагаад, сармисаа хийж хуурна. 30 секунд хуурсны дараа бейконоо хийж хуурна. Бейкон нь улаан шаргал болтол 2 минут орчим хуураад перецээр амталж, ногоон вандуйгаа нэмээд галаа багасгана. Кремэн бяслаг, сүүгээ хийж хутгана. Дараа нь гал нэлээн бага болсон хойно өндгөө хагалж хийгээд сайтар хутгана. Хэт халуун гал дээр өндгөө хийвэл шарсан өндөг болчихдог учраас галаа бууруулах ёстойг мартаж болохгүй шүү. Одоо үрсэн пармежан бяслагаа нэмж хутгана.
Эцэст нь болсон гоймонгоо шүүж, хийгээд сайн холиод таваглана. Карбонараг цагаан винотой идэхэд үнэхээр гоё байдаг. Нөхөр эсвэл найз залуугаа гоё бас амархан хоолоор дайлъя гэвэл карбонара хийж өгөөрэй. 20 минутанд л бүх зүйл бэлэн болдог;)   

Англи хэлний мэдлэгт:
  1. Bacon- бейкон буюу утсан гахайн мах
  2. Cream cheese- кремэн бяслаг  оросоор сливочный сыр
  3. Parmesan- Пармежан бяслаг
  4. Grean pea- Ногоон вандуй
  5. Pasta- Гоймон, паста

Tuesday, 3 September 2013

Туулайн дүрстэй жижиг кекс

Хайртынхаа төрсөн өдрөөр гэртээ байж чадахгүй болохоор түрүүлээд сюрприз барья гээд хийсэн жижиг кекснүүд. Хийхэд маш энгийн, гэхдээ жаахан уран сэтгэмж бас хөдөлмөр шаардана. Эхлээд туулайн хэлбэртэй хийхийн тулд туулайн чихний хэлбэрийг нетээс татаж аваад хэвлэнэ. Дараа нь хайчилж байгаад ард нь шүдний чигчлүүр дундуур нь хуваагаад скочоор нааж бэлдэнэ.

Орц:

  • 2 ш өндөг (өрөөний хэмд байсан)
  • 100г масло (өрөөний хэмд байсан)
  • 1 аяга элсэн чихэр
  • 1 аяга шигшсэн гурил
  • 1 цайны халбага ванилин
  • 2 хоолны халбага сүү
  • Тал аяга үзэм
  • Тал аяга бүйлс 

 Крем: Бэлэн крем аваад хэт нялуун болохоор нь цөцгийтэй хольсон.

Чимэглэл:

  • 5 ш үзэм (нүд хийхэд ашигласан)
  • Бөөрөлзгөнийн компот (хамар хийсэн)
  • Хэвлэсэн цаасан туулайн чих
Зуухаа 180 хэм дээр халаана. Маслоо элсэн чихэртэйгээ хамт миксерт хийж холино. Дараа нь өндгөө нэг нэгээр нь хийж дахин миксердэнэ. Ванилинаа нэмнэ. Гурилаа бага багаар шигшиж хийнэ. Сүүлд нь хоёр халбага сүүгээ хийгээд үзэм, бүйлсээ хийж сайтар хутгана. Элсэн чихэр нь нарийн ширхэгтэй байх ёстойг анхаараарай. Жижиг кексний хэвэндээ бэлэн цаасан хэвнүүд хийгээд 3/4 хүртэл нь зуурмагаа хийнэ. Нийт 10 ширхэг жижиг кекс гарсан. Халсан зуухандаа хийгээд гадна тал нь шаргал болтол 25-30 минут шарна. Болсон эсэхийг нь шалгая гэвэл шүдний чигчлүүрээр хатгаад гурил наалдахгүй цэвэрхэн гарч ирвэл болсон байна гэсэн үг. 


Кекснүүдээ гаргаад 5 минут хэвтэй нь  байлгаад хэвнээс нь гаргаж бүрэн хөргөнө. Хөрсөн кекснүүдээ зурган дээрх шиг чимэхэд туулайнууд бэлэн болно доо. Миний төсөөлснөөс царай муутай болчихсон. Гэхдээ сэтгэлээ гаргаж хийсэн болохоор хайртад маань таалагдсан байх гэж найдаж байна:) Хийгээд байвал сайжрах байх. Анх удаа хийсэн болохоор туршлага дутлаа хэхэ. Ийм кекснүүд идэхэд цэвэрхэн бас хүссэнээрээ чимэглэх боломжтой байдаг учраас сүүлийн үед хүмүүс их хийдэг болсон гэсэн. За тэгээд хайртаа хүмүүстээ хөөрхөн сюрприз барья гэвэл яагаад туршаад үзэж болохгүй гэж?

Англи хэлний мэдлэгт тань:

  1. Жижиг кекс- cupcake
  2. Цөцгий- sour cream
  3. Кексний хэв- cupcake tin
  4. Туулайн чих- bunny ears
  5. Шүдний чигчлүүр- toothpick

Sunday, 1 September 2013

Шарсан хонины гуя


Taste of UB арга хэмжээнд очиж үзсэн чинь хонины махыг ингэж шарж идмээр санагдаад хийлээ. Бямба гаригийн орой нь махаа хөлдөөгчнөөс нь гаргаад, хөргөгчиндөө хийж гэсгээж хонуулна. Маргааш өглөө нь амталж байгаа шарахад янзын боллоо. Нийт 2 цаг 30 минут шарах шаардлагатай. Удаан шарах тусам мах нь зөөлөн болно. Махаа сайн гэсгээсэн байх тусмаа хурдан бөгөөд жигд болно.


Орц:

  • Хонины гуя
  • Давс, перец
  • Стейкны амтлагч 4 хоолны халбага
  • Ганга өвч
  • Сонгино том 1ш (тал саран хэлбэртэй хэрчсэн)
  • Сармис 3 хумс
  • Төмс 4ш (том дөрвөлжин хэрчсэн)
  • Лууван 2ш (бүдүүн хэрчсэн) 
  • Жижиг улаан лооль 6ш
  • Оливын тос

Улаан лоолиос бусад бүх ногоонуудаа амтлагч, давс перецтэй, оливын тостойгоо холино. Миний хувьд нэг удаагийн бээлий өмсөж байгаад хольчихвол гар заваарахгүй амар байдаг юм. Махаа мөн л адил гадна талыг нь амтлагч, давс, перец, оливын тосоо сайтар түрхэж тараана. Зуухаа 150 хэм дээр тавиад, халангуут нь мах, ногоогоо хийгээд 2 цаг шарна. Хэт халуун дээр шарвал доторх нь шүүрхий, гаднах нь түлэнхий борц шиг болчихно. Сүүлийн 30 минутанд улаан лоольнуудаа хийж хутгаад шарна. Таваглахдаа шинэ ногооны салат эсвэл будаатай хийвэл бүр ч гоё. За тэгээд Ням гаригт гэр бүлээрээ шарсан махаа идэх шиг сайхан мэдрэмж ховор байдаг даа. Амжилт хүсье:)

Англи хэлний үгийн санд:

  1. Ганга- Thyme
  2. Стейкний амтлагч-Steak Seasoning
  3. Том дөрвөлжин хэрчсэн- Cut into big chunks
  4. Шарсан хонины мах- Roast lamb (хурганы мах)
  5. Гэр бүл- Family
  6. Хөргөгч- Fridge
  7. Хөлдөөгч- Freezer


Saturday, 10 August 2013

Тахианы махан котлеттэй өглөөний хоол

Анх удаагаа тахианы махаар котлет хийж үзлээ. Дажгүй болдог юм байна. Хамгийн гол нь жаахан аргуун болчихсон. Шүүслэг болгох ямар арга байдгийг нь судалж байгаад дараагийн удаа хийж үзнээ.

Орц:

  • Тахиа 200г 
  • Сонгино 1ш
  • Сармис 2 хумс
  • Яншуй 1 атга
  • Үсүү 1 атга
  • Төмс 1ш
  • Давс, перец
  • Өндөг
  • Салатны байцаа
  • Бяслаг
  • Песто
  • Талх 1 зүсэм
Сонгино, сармис, төмсөө эхлээд миксер дотроо хийгээд машиндана. Сайн машиндаж жижиглэсний дараа тахианыхаа мах, яншуй, амтлагчнуудаа хийж машиндана. Бэлэн болсон махаа хэсэг хэсгээр нь авч котлетоо бага зэргийн тостой хайруулын тавганд дунд зэргийн гал дээр битүү шарна. Тахианы махыг хэзээ ч шүүрхий идэж болохгүй учраас 20 минут шарлаа. Нэг талаар нь 10 минут шарна. Эсвэл над шиг өглөөний хоол бэлдэж байгаа бол түүхий котлетуудаа уутанд хийгээд хөлдөөчих. Маргааш өглөө нь шарах шүүгээнд сайн гэсгээж байгаад шарна. 
Таваглахдаа талхан дээрээ песто түрхээд, дээр нь салатны байцаа, нарийн зүссэн бяслаг (чеддар, мозарелла аль нь ч байж болно), тахианы котлет, нүдэлж шарсан өндгөө тавина. Сэрээ, хутгаа аваад ммммм..

Англи хэлний үгийн санд:
  1. Тахианы котлет- chicken pattie
  2. Песто- pesto (базилик, самар, сармис, оливын тостой хольсон амтлагч)
  3. Яншуй- Parsley
  4. Үсүү- Coriander
  5. Чеддар бяслаг- Cheddar cheese
  6. Мозарелла бяслаг- Mozzarella cheese


Кимчитэй шөл

Хайртынхаа захиалгаар хийсэн кимчитэй шөл. Эрүүл гэсэн болгоныг шингээсэн Солонгосын алдартай хоолыг жаахан Монголчлоод хийчихлээ.

Орц:

  • Кимчи 1 уут
  • Үхрийн мах 200г
  • Төмс  1 ш
  • Лууван 1ш 
  • Далайн байцаа 2 хоолны халбага
  • Дүфү
  • Байцаа 1/4 
  • Сонгино 1 ш (жижиг хэрчсэн)
  • Сармис 2 хумс
  • Цагаан гаа 1 хэрчим
  • Шар буурцагны нухаш (2 цайны халбага)
  • Давс, перец
  • Жижиг ширхэгтэй цагаан будаа
Будаагаа агшаана. Махаа сайн гэсгээж байгаад нарийхан зорж, ногоонуудаа дөрвөлжин хэрчинэ. Тогоондоо 3 том аяга хүйтэн ус хийгээд дээр нь хэрчиж бэлдсэн ногоонууд, мах, давс, перец, шар буурцагны нухаш зэргийн амтлагчнуудаа хийнэ. Зөөлөн гал дээр буцалгана. 30 минут орчмын дараа амсаж үзээд шаардлагатай бол давс нэмнэ. Шөл, будаагаа тусад нь аягалаад идэхэд бэлэн болно доо. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй.

Англи үгийн санд:
  1. Байцаа- cabbage
  2. Шар буурцагны нухаш- soybean paste
  3. Жижиг ширхэгтэй цагаан будаа- short grain white rice
  4. Дүфү- tofu
  5. Цагаан гаа- ginger
  6. Бага гал дээр хийх-  to cook on low heat
  7. Кимчитэй шөл- kimchi soup

Англи өглөөний хоол

Ойрдоо ямар аймшигтай завгүй байна аа? Блогоо бичих зав гарахгүй юм. Миний амьдарл ч амралтын, ажлын өдөр ялгаагүй компьтерийн ард өнгөрдөг болж дээ хэхэ. Өглөөний цайгаа л алгасахгүй идэж байна. Энэ удаа Англи өглөөний цай бэлдлээ. Гэхдээ мэдээж өөрийн болгож, эрүүл маягаар хийсэн.

Орц:

  • Хиам 1 бүдүүн зүсэм
  • Өндөг 1ш
  • Талх 2 зүсэм
  • Улаан лоолийн соустай буурцаг
Хайруулын тавгандаа бага зэрэг тос хийгээд өндөг, хиамаа хийж шарна. Өндгөө нүдэлж шарах арга маань хайруулын тавгаа сайн халааж байгаад өндгөө хийнгүүтээ таглаад галаа унтраана. Таглахгүй болохоор өндөг дороосоо түлэгдээд дээгүүрээ түүхий болоод байдаг юм. Өндөг, хиамаа шарагдаж байх хооронд лаазтай улаан лоолийн соустай буурцгаа задлаад, тавганд хийж шарах шүүгээнд халаана. Халаахдаа таглахгүй бол буудаад шарах шүүгээг чинь улаан эрээн болгоно шүү. За тэгээд талхаа шарагчинд шараад, бүгдийг нь ингэж таваглаад Англи өглөөний хоол бэлэн боллоо. 

Англи үгийн санд:
  1. Бүдүүн зүсэм хиам- big slice of sausage
  2. Улаан лоолийн соустай буурцаг- beans with tomato sauce
  3. Шарсан талx- toast
  4. Талх шарагч- toaster
  5. Таглах- to cover with lid
  6. Англи өглөөний хоол- English breakfast (уламжлалт Англи өглөөний хоол шарсан төмс, шарсан улаан лоольтой байдаг. Өглөө эрт хэт олон шарсан юм идвэл муу байх гэж бодоод өөрийнхөөрөө хийлээ.)


Monday, 8 July 2013

Шоколадтай торт- Brownie

 Жаахан онцгүй зураг оруулчихлаа. Гэхдээ амт бол гоё болдог юм байна. Хэт хөөгөөд ирсэн чинь дээд талаараа хагарчихаар нь бүгдийг нь нэгмөсөн хагалаад дээр нь сахарны пудр цацсан. Ийм төрлийн шоколадтай торт угаасаа хөөлт багатай, доторх нь зөөлөн шоколад ихтэй нягт байдгаараа онцлог.

Орц:
  • Хар шоколад (Alpen Gold 90г) 2ш
  • Масло 100г
  • Гурил 2/3 стакан
  • Элчсэн чихэр 1 стакан (нарийн ширхэгтэй байвал сайн)
  • Жигнэсэн боов хийх нунтаг (орчуулсан чинь ингэж гарч байна) 1 цайны халбага
  • Өндөг 3ш
 Зуухаа 180С хэм дээр тавьж халаана. Энэ хооронд өндгөндөө элсэн чихрээ хийгээд ширхэг нь мэдэгдэхгүй болтол нь хутгана. Шоколадаа хагалаад маслотайгаа хамт шарах шүүгээнд хийж 1 минут халаагаад сайн хутгана. Гурилаа, хөөлгөгч нунтагтайгаа холиод шигшинэ. Өндөгний зуурмаган дотроо хольсон масло, шоколадаа аажмаар хийж хутгана. Дараа нь дээрээс нь шигшсэн гурилаа бага багаар хийж зуурмагаа бэлдэнэ. Тортныхоо хэвний ёроолд нь зориулалтын цаас дэвсэж хэлбэрээр нь хайчлээд хажуу талыг нь маслоор тосолно. Эцэст нь зуурмагаа хэвэндээ хийгээд зуухандаа хийж 30 минут болгоно. 30 минутаас хэтрүүлж болохгүй, тэгвэл хатсан торт иднэ гэж мэдээрэй хэхэхэ.

Англи хэлний үгийн санд:
  1. Хар шоколад- dark chocolate
  2. Жигнэсэн боов хөөлгөгч- baking powder
  3. Хөөх-to rise
  4. Хайлуулах- to melt
  5. Энэ шоколадтай тортны нэр- Brownie